Monday, September 26, 2011

ТАНЫ ГАЛЫН ӨРӨӨНИЙ ТАВИЛГА ЯМАР БАЙХ ЁСТОЙ ВЭ?

Галын өрөөг гоёмсог бөгөөд тухлаг болгохын тулд танд мөнгөнөөс гадна галын өрөөний дизайн, тавилгын зохион байгуулалтыг хэрхэн хийх талаар хангалттай мэдлэгтэй байх хэрэгтэй. Энэ зөвлөгөөнөөс та галын өрөөгөө зохион байгуулах, тавилга болон цахилгаан бараануудыг хэрхэн байрлуулах тухай санаа өгөхүйц мэдээллийг авах болно.

Хачирхалтай санагдаж болох ч галын өрөөний тав тух хэмжээнээс бус түүнийг хэрхэн зохион байгуулахаас ихээхэн шалтгаалдаг. Галын өрөөн дэх цахилгаан хэрэгслүүдийн байрлал
Хөргөгч – Бэлтгэх тавцан – Угаалтуур – Бэлтгэх тавцан – Плитка
гэсэн дараалалтай байвал илүү тохиромжтой тухай мэргэжилтнүүд зөвлөдөг
байна.
Ажлын гурвалжин
Хадгалах – Бэлтгэх – Хийх дараалал-ыг ажлын гурвалжин гэж нэрлэдэг. Энэ гурвалжин ойр байх тусмаа сайн байдаг тухай мэргэжилтэнүүд хэлдэг. Гэхдээ галын өрөөний урт болон хэлбэр, хэмжээнээс хамааран энэхүү гурвалжны хэмжээ өөрчлөгдөж болно. Гэхдээ энэ “гурвалжинг” ямар ч гал тогоонд хадгалах нь зүйтэй.

Уламжлалт зохион байгуулалт

Орон сууцны архитектураас хамааран галын өрөө янз бүрийн хэлбэр болон хэмжээтэй байж болно. Гэхдээ та галын өрөөний дараах зургаан зохион байгуулалтаас байрандаа тохирохыг сонгоорой.

Нэг хананы шулуун гал тогоо

Энэ зохион байгуулалт нэг эсвэл хоёр ам бүлтэй гэр бүлд илүү тохиромжтой. Тавилга болон цахилгаан бараанууд нэг хананы дагуу байрлана. Угаалтуурыг голд нь байрлуулах нь тохиромжтой бөгөөд хэрэв цонхтой харалдаа биш бол зай ашиглалтаа нэмэгдүүлэхийн тулд дээд талд нь аяга таваг хатаагч байрлуулж болно. Гал тогоог хоёр хүн зэрэг, чөлөөтэй ашиглах боломжийг бүрдүүлэхийн тулд гал тогооны тавилгын урт 2 метрээс багагүй байх шаардлагатай.

Хоёр шугаман гал тогоо

Хэрэв танай гал тогоо хангалттай зайтай бол өөд өөдөөсөө харсан хоёр хананд тавилга байрлуулах боломжтой. Хамгийн тохиромжтой байрлал нь угаалтуур болон плитка нэг талд байрлах бөгөөд хөргөгч болон шкафнууд нөгөө талд нь байрлах юм. Өөд өөдөөсөө харсан тавилга хоорондын зай хамгийн багадаа 1,2 метрээс багагүй байх ёстойг анхаарах хэрэгтэй. Тэгэхгүй бол хоол бэлтгэх явцдаа тонгойх, бөхийх үед нөгөө талын онгорхой хаалгыг мөргөх аюултай юм. Хэрэв хоёр талын тавилга хоёулаа хаалгатай бол энэ нь чөлөөтэй хөдлөхөд мөн хүндрэл учруулдаг.

Г хэлбэрийн зохион байгуулалт

Тавилга болон цахилгаан хэрэгслүүдийг зэргэлдээ хоёр хананы дагуу байрлуулах бөгөөд энэ нь илүү хөдөлгөөнийг багасгасан, үр ашигтай ажлын гурвалжинг бий болгодог. Нэг анхаарах ёстой зүйл бол булангуудыг үр ашигтай ашиглах явдал юм. Үүнийг шүүгээнүүдэд эргэлддэг тавиуруудыг суурьлуулснаар шийдэж болно. Плитка, угаалтуур болон хөргөгч хоорондын зайг ихэсгэснээр нэмэлт бэлтгэх тавцантай болох боломжтой. Г хэлбэрийн зохион байгуулалт нь хоёр хүн бие биендээ саад болохгүйгээр гал тогоог зэрэг ашиглах боломжийг олгодог.

П хэлбэрийн зохион байгуулалт

Бусад зохион байгуулалтуудаас хамгийн сайн нь. Тавилга болон цахилгаан хэрэгслүүдээ гурван хананы дагуу байрлуулж болно. Энэ гал тогоонд та илүү хөдөлгөөн хийх хэрэг гарахгүй. Галын өрөөнд ажиллаж байгаа хүмүүс хоорондоо мөргөлдөхгүй байх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд тавилга хоорондын зай хангалттай байх хэрэгтэйг санах хэрэгтэй.

Хагас арал хэлбэрийн зохион байгуулалт

Том хэмжээтэй эсвэл гал тогоо, зоогийн өрөө нь хамт байрнуудад хагас арал хэлбэрийн зохион байгуулалт тохиромжтой. Ийм гал тогоонд зуухны дээр уур сорогч суурилуулж өгдөг. Богинохон шулуун тавилгаар гал тогоог зоогийн өрөөнөөс тусгаарлаж болох бөгөөд түүнийг хоол бэлтгэх тавцан эсвэл үйлчлэх ширээ болгон ашиглаж болно.

Арал хэлбэрийн зохион байгуулалт

Энэ зохион байгуулалт нь Г болон П хэлбэрийн зохион байгуулалтаас дунд нь тавцантай нэмэлт тавилга байрлуулснаараа ондоо. Арал хэлбэрийн зохион байгуулалт нь олон зүйлийг багтаах, хийх боломжийг олгодог хэдий ч зөвхөн зай ихтэй, том хэмжээтэй галын өрөөнд тохиромжтой. Гэхдээ илүү хөдөлгөөнөөс зайлсхийхийн тулд сайн төлөвлөх шаардлагатай.

0 comments:

Post a Comment